2018.03.22

Уншсан: 139

Сайн цонхыг шинжихүй

Вакуум цонх нь өнгө үзэмж сайн, дулаан бага алддаг, эдийн засгийн хэмнэлттэй технологи юм. Энэ утгаараа манай зах зээлд эрэлт өндөртэй хэдий ч чанарын хувьд харилцан адилгүй байгаа тул зөв сонголт хийхэд тань туслах үүднээс доорх зөвлөгөөг хүргэж байна.

Хэрэглэгч та энэ бүхнээс яаж оновчтой зөв сонголтыг хийх вэ?

Юуны өмнө та сонгож буй цонхоо хаанахын ямар үйлдвэрийнх болох, технологийн зөв горимын дагуу хийгдсэн эсэхэд анхаарлаа хандуулаарай. Мөн энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг өмнө нь авч хэрэглэсэн ямар газрууд байгааг судалбал зүгээр. Материалын чанарыг шалгахдаа дараах зүйлийг анхаараарай.  Вакуум цонхны хуванцар материал нь муу бол хэрэглээний явцад гадна темратурын нөлөөгөөр өнгө нь шарладаг. Мөн химийн бодисын найрлага хэтэрснээс материал нь үнэртэй байдаг бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.  Цонхны шилийг дарагч резин нь татахад тасрахгүй, муухай үнэргүй бол сайн.  Хамгийн гол анхаарах зүйл бол цонхыг хэрхэн суурилуулж буй явдал. Манайхан өрлөг хийхдээ цонхныхоо хэмжээгээр зай үлдээдэг нь буруу. Зүй нь цонх суух хэсгийн гадна талын хана нь цонхны хүрээний 1|3тэй тэнцэхүйц хэмжээгээр догол буюу хөмсөгтэй байвал амлагаа хийхэд тохиромжтой, хүйтэнд цантдаггүй.  Вакуум цонх цантана гэдэг нь хийтэй байна гэсэн үг. Дотроо будаатай бол цанталтаас хамгаалдаг. Бэлэн хийц угсруулж авах гэж байгаа бол тухайн материалын доторхи тасалгаа буюу камерынх нь тоо 5-6 байвал сайн. Үүнээс цөөн камертай материал чанаргүй байдаг.  Вакуум цонх сонгохдоо та тавцан нь ямар байхыг давхар тооцоорой. Өнөөдөр барилгын үйлдвэрлэлд PVC тавцан хүч түрэн орж ирж байна. Зөөж тээвэрлэхэд эвдэрдэггүй, хагардаггүй, өнгө үзэмж сайтай, хөнгөн атлаа бөх бат, үнэ хямд энэ тавцан вакуум цонхонд хамгийн сайн тохирдог нь туршилтаар батлагдаад байна.

Цонхыг хэрхэн арчлах вэ?

Вакуум цонх хаалгыг зөв зохистой арчилж хэрэглэсэн тохиолдолд 40-50 жилийн эдэлгээтэй гэж тооцдог. Цонх хаалганы эдэлгээнд түүхий эд материалын, үйлдвэрлэлийн болон суулгалтын чанараас гадна арчилгаа, зүй зохистой хэрэглээ зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлдөг.

Жишээлбэл: өрөө тасалгаандаа байнга тамхи татсанаас вакуум цонх хаалганы өнгө хувирах, угааж цэвэрлэдэггүй цонхны резин хатаж хугарснаас болж цонхны битүүмжлэл алдагдахад хүрдэг.

Цонхны гадаргууг цэвэрлэх
  • Бага зэрэг угаагч шингэнтэй бүлээн усаар угаах.
  • Цонхны гадаргууг чийгтэй цэвэрлэгээ хийсний дараагаар зөөлөн алчуураар дахин гялалзуулан арчина. Ингэснээр улам өнгөлөг болж гадаргуу дээрх хар толбо, зураас алга болно.
  • Хуурай цэвэрлэгээнд шүүр, хуурай алчуур хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь вакуум цонх хаалганы гадаргуу нь гөлгөр байдаг тул бага зэргийн цахилгаанжилт үүсэж эргээд тоосжилт хурдан явагддаг байна.
  • Бага зэргийн тоосжилтыг тоос сорогчоор соруулж болно.
  • Зөөлөн алчуураар арчиж байх .
  • Нугас, түгжээтэй бүх хэсгийг оёдлын машины тос болон техникийн тосоор /вазелин/ жилд 1-3 удаа тослох хэрэгтэй. Зориулалтын бус тос хэрэглэх юмуу огт тослохгүй байх нь төмөр эд ангиуд чихтанаж дуу орох, хурдан зэврэх болон элэгдэж эвдэрхэд хүргэнэ.
  • Тосолгоо, цэвэрлэгээний үед эрэг боолт гэх мэт жижиг эд ангиудын бэхэлгээг шалгах хэрэгтэй. Шаардлагатай бол чангалж бэхэлнэ.
Цонхны шил цэвэрлэх:
  • Бага зэрэг угаагч шингэнтэй бүлээн усаар тоосжилт, бохирдолтыг цэвэрлэнэ.
  • Гүн бохирдолтой, элдэв бодис наалдан хатсан тохиолдолд үзүүртэй, ширүүн зүйлээр цэвэрлэж болохгүй. Иймд үед зориулалтын татуургаар цэвэрлэнэ /сахлын татуурга байж болно/.
  • Угаасан шилийг элгэн алчуураар зүлгэж гялалзуулна.
Ерөнхий анхаарах зүйл:
  • Цонхонд нэмэлт жин ачаалуулахыг хориглоно. Жишээлбэл цонхноос хүнд зүйл өлгөх, тавцан дээр гарч зогсох, цонхны бариул, хавтаснаас дүүжигнэх).
  • Онгорхой цонхоны завсраар ном, мод гэх мэт зүйл хавчуулж болохгүй. Хавчуулсан тохиолдолд цонхны хавтас гажиж хаагдахгүй болж, түгжээ нугасны тохиргоо алдагдана.
  • Хүчтэй салхи шуургатай үед онгорхой орхиж болохгүй. Онгорхой цонх хаалга нь салхинд савагдан өндөр настан болон бага насны хүүхдийг гэмтээх тохиолдол цөөнгүй байдаг.
  • Бага насны хүүхдийг онгорхой цонхноос хол байлгах хэрэгтэй.
  • Цонхны хавтасыг зөөлөн хааж байх.
  • Гүйцэд хаасны дараа бариулыг зөв эргүүлж түгжинэ.